TOEFL IBT – ийн шалгалт өгсөн туршлагаасаа хуваалцах нь

Сайн байцгаана уу? EYS-STYLE  компанийн програм хангамжийн инженер Ундармаа байна. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд  TOEFL IBT – ийн шалгалт өгсөн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ.

Шалгалтанд бүртгүүлсэн нь

Ямарваа нэгэн хүчин чармайлт шаардсан үйлийг гүйцэтгэхийн тулд түүнтэй тэнцүү хэмжээний мотивац өгөх зүйл хэрэгтэй байдаг. Миний хувьд арван жилийн сурагч байхаасаа л энэ шалгалтыг өгнө дөө гэж бодсоор ирсэн ч бодит амьдрал дээр гаргасан ахиц дэвшилгүй олон жилийг үдсээр нэг л мэдэхэд ажлын талбар дээр гарсан байлаа. Бүтэн цагийн ажлын ширээний ард сурагч, оюутан байх үеэсээ ч завгүй болсон хэдий ч “Now or Never” гэх үгс толгойд маань хэд хоног эргэлдсэний эцэст зориглон шалгалтандаа бүртгүүлж орхилоо. Аливаа зорилтонд тодорхой биелүүлэх хугацаа байж гэмээнэ тэр цагт л жинхэнэ зорилт болж хувирдгийг би энэ үед л маш сайн ойлгож авсан билээ. Бас мөнхүү шалгалтын хураамж болох 195 доллар миний хувьд тийм ч бага мөнгө биш байсан тул хичээхээс өөр сонголтгүй болох нь тэр ээ..

Бэлтгэлээ өөрийн суралцах арга барил, шалгалтанд бэлтгэх нийт хугацаанд тохируулсан нь

Хэрэв та бие даан, ганцаарчлан аливаа зүйлсийг үр дүнтэй суралцдаг бол өөрөө бие даан бэлтгэх нь тохиромжтой. Санхүүгийн хэмнэлт,  зөвхөн өөрт тохирсон уян хатан цагийн хуваарь зэрэг олон давуу талыг дурдаж болох юм. Харин миний хувьд анги танхимаар хичээллэх нь надад илүү үр нөлөө ихтэй байдаг бөгөөд мөн түүнчлэн шалгалт хүртэл ердөө гуравхан сарын хугацаа байсан тул хамгийн ойрын TOEFL ийн сургалт эхэлж буй сургалтын төвд бүртгүүлсэн бөгөөд энэ маань ч зөв шийдвэр болсон юм. Сургалт яг 2 сарын хугацаанд үргэлжилсэн ба энэ хугацаанд  шалгалтын бүтэц, асуултын төрлүүд болон тэдгээрт хэрхэн бага хугацаанд оновчтой хариулах тактик зэргийг олж авснаар зогсохгүй нэг зорилгын төлөө сэтгэл шулуудсан хамтрагчидтай болсон зэрэг маш олон давуу талтай байсныг энд цохон тэмдэглэе.

Хоёр сарын хугацаа харвасан сум шиг өнгөрч миний англи хэлний түвшин сургалтын төвийн маань үнэлгээгээр TOEFL IBT 70 онооны болзол хангаж байлаа. So, What is next?

Practice, Practice, Practice

Шалгалт хүртэл ердөө нэгхэн сарын хугацаа үлдээд байв. Миний хувьд өдөрт нэг бүтэн тест ажиллаж түүн дээрээ анализ хийх зарчимаар бэлтгэж байлаа. Олон mock тест ажиллах тусам цаг хуваарилалтан дээр гарч байсан асуудлууд улам багасч, нэг төрлийн алдаагаа ч давтах нь цөөрч байгааг анзаарч байсан юм. Түүгээр ч зогсохгүй ТOEFL ийн шалгалтын материалууд биологи, газарзүй, түүх, шинжлэх ухаан, сэтгэл судлал, алдартнуудын намтар зэрэг маш өргөн хүрээг хамардаг учир хэдий чинээ энэ төрлийн мэдээлэл их авна төдий чинээ дараа дараагийн тестийг ойлгоход хялбар болдог. Үүгээр ч зогсохгүй шалгалтанд бэлтгэхийн хажуугаар өөрийн ерөнхий мэдлэгийг ахиулах гайхалтай хэрэг биш гэж үү?

Хэрэв та бүхэн сонирхож байвал энэхүү сайтаар зочлон үнэгүй тест ажиллах боломжтой.

Exam day

Ийнхүү шалгалтын өдөр боллоо. Улаанбаатарт хэд хэдэн шалгалтын төвүүд байдаг бөгөөд миний хувьд Шинжлэх Ухаан Технологийн сургуулийг сонгосон юм. Техник хэрэгсэл, шалгалтын орчин, ширээ хоорондын зай гэх мэт зүйлсийг ямарч асуудал гаргахааргүй бэлтгэсэн байсан нь талархууштай байлаа.

Шалгалтын хамгийн эхний хэсэг буюу “Reading” хэсэг дээр ялангуяа эхний текстэн дээр нилээн сандралтай, уншиж байгаа зүйлдээ төвлөрөхгүй цаг алдсан ба та бүхэнд зөвлөхөд хэдий сандарсан ч буцаад анхаарлаа төвлөрүүлж сурах мөн бэлтгэлийн явцад яг шалгалтанд орж буй мэт сэтгэл зүйгээр хийх зэрэг нь тус болж мэдэх юм. “Listening” хэсэг рүү орох үеэр анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахаар болсон бөгөөд энэ хэсэг миний хувьд хамгийн амархан нь байлаа. Удаагаар нь завсарлага авсан ба энэ хооронд ариун цэврийн өрөө орох, өөрийн авч ирсэн ус, ундаа, хөнгөн зууш зэргээс идэх боломжтой.  “Speaking” хэсэгт чихэвчээ зүүгээд олон хүмүүстэй нэг өрөөнд хийх учир анхнаасаа бэлтгэл хийхдээ бага зэрэг чимээтэй орчинд хийвэл хожим шалгалтан дээр асуудал үүсэхгүй байх болно. “Writing” хэсгийн хувьд эхний хэсгийн integrated таск дээр л анхаарлаа сайн төвлөрүүлэхэд хангалттай.

Шалгалтын хариу

Бүхэл бүтэн 10 өдрийн урт удаан хүлээлтийн эцэст шалгалтын хариугаа авлаа. Нийт оноогоор 91 оноо авсан байв. Not too bad, right? 😀

Энэ хүрээд энэ удаагийн нийтлэлээ цэглэе. Дараагийн удаагийн нийтлэлээрээ хэсэг тус бүр дээр хэрхэн бэлтгэлээ хийсэн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон товчхон хэдэн зөвлөмжийг хүргэхийг хичээх болно.

Хүндэтгэсэн, Ундармаа

早崎 翔大

Share

facebook twitter